Төвөдийн Бурханы шашин уламжлалууд ба Боны ёс: Харьцуулалт

Боны ёс Төвөдийн тавдах уламжлал болох нь 

Ихэнх хүмүүс Төвөдийг дөрвөн уламжлалтай гэж ярина: Нингма, Гаржүд, Сажа, Гэлүг; Гэлүг нь өмнөх Гаадамбын ёсны шинэтгэгдсэн үргэлжлэл. Дээрхийн гэгээн Далай ламын 1988 оны арван хоёрдугаар сард Энэтхэгийн Сарнатад зарлан хуралдуулсан түлкү нар (хойд дүрийн лам) болон хийдийн хамба нарын Урсгалаар үл хуваагдах тухай бага хурлын үеэр Дээрхийн гэгээн дээрх дөрвөн уламжлал дээр Төвөдийн Бурханы шашны өмнөх үеийн уламжлал болох Боны ёсыг нэмж, Төвөдийн таван уламжлал гэж ярьж байхын чухлыг онцлон тэмдэглэсэн. Тэрээр бид Боны ёсыг Бурханы шашны уламжлал гэж үзэх үгүй нь чухал асуудал биш хэмээн өгүүлсэн. МЭ XI зуунаас эхлэн төлөвшөөд буй Боны ёсны хэлбэр нь түүнийг Бурханы шашны дөрвөн уламжлалтай хамтатган тав болгон үзэх хангалттай олон зүйлээр тэдгээртэй нийтлэг. 

Шатлан захирах ёс ба төвлөрсөн бус удирдлага 

Төвөдийн таван уламжлал хоорондын ижил төстэй тал болон ялгааг авч үзэхийн өмнө бид Төвөд уламжлалуудын аль нь ч Христийн сүмийн маягийн зохион байгуулалттай байдаггүй санах хэрэгтэй, жишээ нь Католик сүм гэх мэт. Тэдгээрийн аль нь ч ийм маягийн төвлөрсөн зохион байгуулалттай байдаггүй. Уламжлалуудын тэргүүн, хамба лам нар зэрэг нь голлон сахил, аман дамжлага, тарнийн эрх (авшиг) хүртээх үүрэгтэй байна. Тэдний гол анхаарал нь удирдан зохион байгуулах үүрэг биш. Шатлал нь ихэвчлэн хүмүүс том хэмжээний зан үйлийн ёслолд (пүжа, Ном хурах хурал) суух үед нөлөөлнө; хэдэн суудал бэлдэх; цайгаар үйлчлэх дараалал гэх мэт. Газар зүйн болон соёлын олон шалтгаанаар төвөд хүмүүс маш бие даасан хандлагатай байх ба сүм хийд тус бүр өөрийн хэв маягийг мөн дагах хандлагатай байна. Хийдүүдийн алслагдсан байдал, тэдний хоорондын зай, аялан явахад гарах хүндрэл бэрхшээл, харилцаа холбоо нь төвлөрсөн бус удирдлагад чиглэсэн хандлагыг бэхжүүлсэн. 

Нийтлэг шинж талууд 

Төвөдийн таван уламжлал олон нийтлэг шинж талуудтай, магадгүй ная ба түүнээс дээш хувиар. Дамжлагууд бие биетэйгээ ямар нэг холбоогүй, хатуу хил хязгаарын хүрээнд тусгаарлагдсан тусдаа бүлгүүдээр оршиж байгаагүйг тэдний түүх харуулна. Уламжлалууд нь тэдгээрийн суурийг тавьсан мэргэдийн ихэвчлэн Энэтхэгээс дамжуулан авч өөртөө цуглуулж нэгтгэсэн олон өөр аман дамжлагуудын дагуу таван бүлэг болсон байна. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар, тэднийг дагагчид өөрсдийн нэгтгэсэн зүйлээ “дамжлага” гэж нэрлэх боловч аман дамжлагын нэг уламжлалын олон дамжлагууд бусад уламжлалуудын холимгийн хэсэг бас болно. 

Гэргийтэн болон сүм хийдийн ёсны уламжлалууд   

Эдгээр таван уламжлалд нийтлэг байх эхний зүйл нь тэд гэргийтэн болон сүм хийдийн аль аль ёсуудтай байдаг явдал. Тэдний гэргийтний уламжлалд тарнийн гүнзгий бясалгал үйлдэх гэр бүлтэй эрэгтэй, эмэгтэй егүзэр нар болон Номын бүтээл нь ихэвчлэн маань тарни унших, хийдэд болон орон гэртээ тахил өргөж, гороо хийх энгийн гэргийтэн хүмүүс багтана. Бүх таван уламжлалын сүм хийдийн ёс нь эрэгтэй хуврагийн гэлэн (бүрэн) болон гэцүл (ажиглах) мөн эмэгтэй хуврагийн гэцүл сахил хүртээх уламжлалтай. Эмэгтэй хуврагийн бүрэн сахил хүртээх ёс Төвөдөд ердөө уламжлан ирээгүй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс сүм хийдэд найм орчим насандаа сууж эхэлнэ. Сүм хийдийн архитектур, дотоод засал нь бүх уламжлалд бараг ижил. 

Бурханы шашны дөрвөн уламжлал нь Энэтхэгээс эхтэй Муласарвастивада ёсны нэг ижил хуврагийн бүлэг сахилтай. Боны ёс нь бага зэрэг өөр бүлэг сахилтай боловч тэдгээрийн ихэнх нь Бурханы шашныхтай адил. Илэрхий нэг ялгаа нь Боны ёсны хуврагууд цагаан хоолтон байх сахил хүртэнэ. Бүх уламжлалын хуврагууд үсээ авхуулна; гэр бүлгүй байна; ханцуйгүй, элгэн хүрэн орхимж өмсөнө. Боны ёсны хуврагуудын орхимжийн дээд өмсгөлийн голын оруулга шар биш хөх өнгөтэй байна. 

Судрын сургаалын сургалт 

Төвөдийн бүх уламжлалууд зан үйл болон бясалгалын дадлага бүхий судар болон тарнийн сургаалыг хослуулсан зам мөрийг дагана. Хуврагууд бага насандаа олон тооны онолын болон зан үйлийн эх зохиолуудыг цээжлэн хүчтэй мэтгэлцэх аргаар суралцана. Судрын ёсны сургаалууд нь Бурханы шашин болон Боны ёсонд ижил байна. Тэдгээр нь зам мөрийн үе шаттай холбоотой паражнапарамита (ялгах ухааны чанадад хүрэхүй, билгүүний чанадад хүрэхүй) сургаал, бодит байдлын талаарх зөв үзлийн (хоосон чанар) тухай мадхъямака (төв үзэл) сургаал, мэдэхүй болон логикийн талаарх прамана (мэдэхүйн хүчин төгөлдөр хэлбэрүүд) сургаал болон метафизикийн (оршихуй болон мэдлэг) талаарх абхидарма (мэдлэгийн тухай сэдэв) сургаалуудыг багтаана. Сэдэв тус бүрийн талаарх төвөд эх зохиолууд нь тайлбараараа тэдгээр таван уламжлал дотроо төдийгүй уламжлал тус бүр дэх хийдүүдийн дунд бага зэрэг ялгаатай байна. Эдгээр ялгаа нь мэтгэлцээнийг илүү их сонирхолтой болгоно. Урт хугацаанд суралцсаны дараа бүх таван уламжлал Гэвш эсвэл Кэнпо цол олгоно. 

Төвөдийн Бурханы шашны дөрвөн уламжлал нь бүгд Энэтхэгийн Бурханы шашны гүн ухааны үзлийн дөрвөн урсгалыг судална – Вайбхашика, Саутрантика, Читтаматра болон Мадхъямака. Хэдийгээр тэд эдгээрийг бага зэрэг өөр өөрөөр тайлбарлах боловч бүгд Мадхъямака үзлийг хамгийн нарийн, оносон байр суурийг гаргаж ирдэг гэж хүлээн зөвшөөрнө. Дөрвөн уламжлал нь мөн Майдар, Асанга, Нагаржуна, Чандракирти, Шантидэва зэрэг мэргэдийн энэтхэг сонгодог бүтээлүүдийг бүгд ижил судална. Мөн л үзэл тус бүр өөрийн хүрээний төвөд тайлбар зохиолуудтай бөгөөд бүгд бие биеэсээ бага зэрэг өөр. 

Тарнийн сургаалын сургалт ба дадлага 

Тарнийн сургаалын сургалт болон дадлага нь ангиллаасаа шалтгаалсан бүх дөрвөн эсвэл зургаан тарнийн ёсыг хамарна. Бурханы шашны дөрвөн уламжлал нь Авалокитешвара, Дарь эх, Манзушир, Чакрасамвара (Хэрүка) болон Важрайогини (Важрадакини) гэх мэт ижил Бурхадын дүрүүдээр (идам) дадлага хийнэ. Нэг Бурханы дүрийн бүтээл нэг уламжлалд дангаараа онцгойлсон сонирхлын хүрээ байхгүй. Гэлүгийн бүтээлчид мөн Сажа ёсны дүр Хэважра, Шангпа Гаржүд нар Гэлүгийн ёсны гол дүр Важрабхайрава (Ямандаг) бурханы дүрээр дадлага хийнэ. Боны ёсны Бурхадын дүрүүд нь Бурханы шашны дүрүүдтэй төстэй шинж чанартай байна – жишээ нь, энэрэн нигүүлсэх сэтгэл эсвэл билгүүний бурхад гэх мэт – зөвхөн нэр нь өөр. 

Бясалгал 

Төвөдийн таван уламжлалын бясалгал нь урт хугацааны даяан хийхийг шаардана, ихэвчлэн гурван жил ба сарны гурван үеийн хугацаатай байна. Даяаны өмнө хэдэн зуун мянган мөргөл хийх, тарни тоолох гэх зэрэг зэхэл бүтээлүүдийг хийнэ. Зэхэл бүтээлүүдийн тоо, хийх хэв маяг болон гурван жилийн даяаны бүтэц нь нэг нэгнээсээ бага зэрэг өөр. Гэвч үнэндээ хүн бүр адилхан хийнэ.

Зан үйл

Зан үйл нь тэдгээр тавд мөн маш төсөөтэй. Тэд бүгд усан тахил, зул, хүж өргөж, адилхан байдлаар завилж сууна; очир, хонх, дамар хэрэглэнэ; ижил төрлийн бүрээ, цан, хэнгэрэг цохино; хурлыг өндөр дуугаар хурна; тусгай ёслолын (цог) үеэр аравнайлсан мах, алкоголь хүртэнэ; зан үйлийн хурал бүрийн үеэр цөцгийн тосон цайгаар үйлчилнэ. Боны ёсны эх заншлыг даган тэд балин өргөнө; тухайн газрын лусуудаас сахин хамгаалахыг хүсэмжилнэ; лусын хорлолыг нарийн зан үйлээр арилгана; тэмдэглэлт үйл явдлуудын үеэр цөцгийн тосон тахил засна; мөн ерөөлийн дарцаг өлгөнө. Тэд бүгд суваргад мэргэдийн чанадрыг байршуулан, тэдгээрийг гороолно – Бурханы шашинтнууд нар зөв, Боны ёсныхон нар буруу тойрч гороолно. Зураг урлалын хэв маяг нь бүр маш ижил. Зураг урлал, баримлуудад дүрслэх дүрүүдийн харьцаа үргэлж нэг ижил цогц аргачлалтай байна.

Хойд дүр лам тодруулах түлкү тогтолцоо 

Төвөдийн таван уламжлал тус бүр мөн түлкү тодруулах тогтолцоотой. Түлкү нар нь хойд дүрийн лам нарын, өөрийн төрлөө чиглүүлэх их бүтээлчдийн дахин төрлийн дараалал. Тэд жанц халах үедээ ихэвчлэн нас эцэслэх үйл явцтай холбоотой нэг төрлийн бясалгалд орох бөгөөд шавь нар нь зохих хугацаа өнгөрсний дараа бага насны хүүхдүүд дундаас тэдний хойд дүрийг хайх, тодорхойлох тусгай аргыг авч хэрэглэнэ. Тэдгээр бага насны хойд дүрийн хүүхдүүдийг өмнө сууж байсан хийдэд нь авчран, хамгийн сайн багш нарын дэргэд сургана. Хуврагууд болон гэргийтнүүд бүх таван уламжлалын хойд дүрийн лам нарыг ихээр хүндэтгэнэ. Тэд хойд дүрийн лам нар болон бусад их багш нараас амьдралын чухал асуудлуудын талаар мо (урьдчилсан дүгнэлт) хийлгэхээр зөвлөх ба үүнийг аль нэг Бурханы дүрээс хүсэмжлэх байдлаар гурван шоо хаяж тодорхойлно. 

Хэдийгээр Төвөдийн бүх уламжлалууд эх зохиолуудыг судлах, мэтгэлцэх, зан үйл, бясалгалд суралцах зэрэг сургалтуудыг багтаах боловч голлох анхаарах зүйл нь бүр нэг урсгалын хийдэд, бүр нэг хийдийн хувь хүн тус бүрд ялгаатай байна. Түүнээс гадна, их багш нар болон настай эсвэл өвдсөн хүмүүсээс бусад эрэгтэй, эмэгтэй хуврагууд бүгд дуган цэвэрлэх, тахил тавих, ус түлш зөөх, хоол хийж, цайгаар үйлчлэх гэх мэт хийдэд хийх шаардлагатай ажлуудыг ээлжлэн хийнэ. Бүр суралцах, мэтгэлцэх, багшлах эсвэл бясалгахыг голлон хийж байгаа эрэгтэй, эмэгтэй тодорхой хуврагууд хүртэл нийтийн хурал, ерөөл, зан үйлд оролцох ба энэ нь хүн бүрийн өдрийн тодорхой хэсгийг эзэлнэ. Гэлүг болон Сажа ёс нь суралцахыг харин Гаржүд болон Нингма ёс бясалгал хийхийг онцолдог гэж хэлэх нь өнгөц байдлаар ерөнхийлж буй явдал. 

Холимог дамжлагууд 

Сургаалын олон дамжлага Төвөдийн таван уламжлал дунд хоорондоо нийлж, солбицож байна. Жишээ нь Гүхяасамажа тарнийн дамжлага нь орчуулагч Марпагаар дамжин Гаржүд болон Гэлүгийн ёсонд уламжлан ирсэн байдаг. Хэдийгээр сэтгэлийн мөн чанарын тухай махамудра (их мутарлаг) сургаал нь гол төлөв Гаржүд ёстой холбогдох боловч Сажа болон Гэлүгийн ёс мөн тэдний дамжлагыг дамжуулна. Цогчэн (их бүрдэл) сургаал нь сэтгэлийн мөн чанарын талаарх өөр нэг төрлийн бясалгалын систем. Хэдийгээр ихэвчлэн Нингма ёстой холбогддог ч III Кармапагийн үеэс Карма Гаржүд мөн Другпа Гаржүд мөн Боны ёсонд чухал байр суурь эзлэх болсон. V Далай лам зөвхөн Гэлүг ёсны төдийгүй цогчэн, Сажа ёсны их мэргэн байсан бөгөөд уламжлал тус бүрийн сэдвүүдийн талаар олон бүтээл туурвисан. Бид юмсыг нээлттэй хүлээн авах сэтгэлгээтэй байж Төвөдийн уламжлалууд харилцан харшилдаггүйг харах хэрэгтэй. Гаржүд ёсны олон хийдүүд Гүрү Ринбүүчигийн (Бадамжунай бурхан) хурал хурна, жишээ нь, энэ нь Нингма ёсны хийд биш байсан хэдий ч.      

Ялгаанууд 

Үг хэллэгийн хэрэглээ 

Төвөдийн таван уламжлалын дундах гол ялгаа нь тэгвэл юу вэ? Гол ялгаануудын нэг нь үг хэллэгийн хэрэглээтэй холбогдоно. Боны ёс Бурханы шашны авч үздэг ихэнх зүйлийг авч үзэх боловч тэдгээрийн ихэнхэд өөр өөр үг эсвэл нэр хэрэглэнэ. Бүр Бурханы шашны дөрвөн уламжлалын дотор ч өөр өөр үзлүүд нэг ижил хэллэгийг өөр өөр тодорхойлолттойгоор хэрэглэнэ. Энэ нь үнэндээ Төвөдийн Бурханы шашныг ерөнхийд нь ойлгоход том асуудал авчирна. Бүр нэг уламжлалд өөр өөр зохиогчид нэг хэллэгийг өөр өөрөөр тодорхойлно; бүр нэг зохиогч заримдаа нэг хэллэгийг өөрийн бүтээлүүддээ өөрөөр тодорхойлно. Хэрэв бид тус зохиогчдын өөрийн хэллэгтээ хэрэглэж байгаа зохих тодорхойлолтыг мэдэхгүй бол бид маш их төөрөлдөнө. Би хэдэн жишээ дурдъя. 

Гэлүгпа нар сэтгэл нь юмсыг мэдэх гэдэг утгаар мөнх бус гэдэг бол Гаржүд болон Нингма ёсныхон түүнийг мөнх гэнэ. Хоёр үзэл зөрчилтэй, харилцан харшилж буй мэт санагдана; гэвч, үнэндээ тийм биш. “Мөнх бус” гэдгээр Гэлүгпа нар юмсыг мэдэх мэдэхүй нь агшнаас агшинд өөрчлөгдөнө, бидний мэдэх орон агшин бүрд өөрчлөгдөнө гэсэн утгыг илэрхийлнэ. Гаржүд болон Нингма ёсныхон “мөнх” гэдгээр юмсыг мэдэх мэдэхүй нь мөнх үргэлжилнэ; түүний суурь мөн чанар нь юугаар ч үл нөлөөлөгдөх тул хэзээ ч өөрчлөгдөхгүй гэсэн утгыг илэрхийлнэ. Аль аль тал нөгөө талаа хүлээн зөвшөөрөх боловч тэд өөр утгатай хэллэг хэрэглэж байгаа тул энэ нь тэд бүрэн зөрчилдөж байгаа мэт харагдана. Гаржүд болон Нингма ёсныхон хувь хүний юмсыг мэдэх мэдэхүй нь агшин бүрд өөр өөр орныг хүртэж эсвэл мэднэ гэж мэдээж хэлнэ; харин Гэлүгпа нар хувь хүн бүрийн сэтгэлүүд нь эхлэл, төгсгөл үгүйгээр юмсыг мэдэх мэдэхүйн үргэлжлэлүүд байна гэж мэдээж хэлнэ. 

Өөр нэг жишээ нь “шүтэн барилдлага” гэдэг үг. Гэлүгпа нар бүх зүйл шүтэн барилдаж оршино, юмс тэдгээрийг “энэ,” “тэр” гэж хүчин төгөлдөр нэрлэх  үг болон ойлголтоос шалтгаалан “энэ,” зүйл “тэр” зүйл болж оршино гэсэн утгаар хэрэглэнэ. Мэдэж болох үзэгдлүүд нь үг болон ойлголтын тэдэнтэй холбогдох зүйл байна. Ямар ч зүйл өөрийн оршихуй болон шинж чанарыг өөрийн хүчээр гаргах үзэгдлийн зүгээс оршдоггүй. Иймд Гэлүгпа нарын хувьд шүтэн барилдлагаар орших оршихуй нь хоосон чанартай адил: байх боломжгүй оршихуйн хэлбэрүүд огт байхгүй. 

Гаржүд ёсныхон харин үнэмлэхүй нь шүтэн барилдлагаас цааш гарна гэж үзнэ. Энэ нь тэд үнэмлэхүй нь зөвхөн шүтэн барилдаж орших оршихуйтай бус өөрийн хүчээр бий болох бие даасан оршихуйтай гэж үзэж буй мэт санагдана. Энэ тийм биш. Гаржүд ёсныхон энд “шүтэн барилдлага” гэдэг үгийг арван хоёр шүтэн барилдлагын үүднээс хэрэглэж байгаа. Үнэмлэхүй эсвэл хамгийн гүн үнэн үзэгдэл нь бодит байдлын талаар үл мэдэх явдлаас (мунхаг) шалтгаалан гардаггүй гэсэн утгаар шүтэн барилдлагаас цааш гарна. Гэлүгпа нар мөн энэ үзлийг хүлээн зөвшөөрнө. Тэд ердөө “шүтэн барилдлага” гэдэг үгийг өөр өөр тодорхойлолтоор хэрэглэж буй явдал. Төвөд үзлүүдийн тайлбарын ялгааны олонх нь гол чухал хэллэгүүдийн тодорхойлолтын ийм ялгаанаас бий болно. Энэ нь будилах, буруу ойлгох явдлуудын гол эх сурвалжуудын нэг.     

Тайлбарын үзэл 

Төвөдийн уламжлалуудын дунд байх өөр нэг ялгаа нь тэдний үзэгдэл юмсыг тайлбарлах үзэл байна. Римэ (сургаалаар үл хуваагдах хөдөлгөөн) ёсны их мэргэн Катог Кенцэ Жамяан Чокий Лодрогийн тайлбарласны дагуу Гэлүгпа нар суурь үзлийн үүднээс, тухайлбал, эгэл төрөлхтөн, Бурхан бус төрөлхтний үзлийн үүднээс тайлбарлана. Сажа ёсныхон зам мөрийн үзлийн үүднээс, тухайлбал, гэгээрэлд хүрэх зам мөрд гүнзгийрсэн төрөлхтний үүднээс тайлбарлана. Гаржүд болон Нингма ёсныхон үрийн үзлийн үүднээс, тухайлбал, Бурханы үзлийн үүднээс тайлбарлана. Энэ ялгаа ойлгоход нэлээд гүнзгий, ярвигтай тул би энэ асуудлыг нягтлан харах ердөө эхлэлийн санааг харуулъя. 

Суурь үзлийн үүднээс, бид хоосон чанар эсвэл үзэгдэх байдал дээр нэг дор нэг удаа төвлөрч чадна. Иймд Гэлүгпа нар бүр арья төрөлхтний хоосон чанарыг бясалгах бясалгалыг энэ үзлийн үүднээс тайлбарлана. Аръя төрөлхтөн нь хоосон чанарын талаарх шууд, ойлголтын (концепт) бус хүртэхүйтэй өндөр эрдэмд хүрсэн төрөлхтөн. Гаржүд болон Нингма ёсныхон хоёр үнэний салшгүй чанар, хоосон чанар болон үзэгдэх байдлын салшгүй чанарыг онцолно. Бурханы үзлийн үүднээс бид ердөө хоосон чанар эсвэл ердөө үзэгдэх байдлын талаар ярих боломжгүй. Иймд тэд бүх зүйл аль хэдийн бүрэн, төгс байх үзлийн үүднээс ярина. Цогчэн сургаалын Боны ёсны тайлбар нь тайлбарын энэ хэлбэртэй нийцнэ. Сажа ёсны зам мөрийн үзлийн тайлбарын нэг жишээ нь тод-гэрлийн сэтгэл (төрөлхтөн тус бүрийн хамгийн нарийн мэдэхүй) нь адистид бүхий байна гэсэн тайлбар байна. Хэрэв энэ нь суурь түвшиндээ үнэн бол тэр үед нас эцэслэх үед гарах тод-гэрлийн сэтгэл адистид бүхий байна, энэ тийм байдаггүй. Гэвч зам мөрд бид тод-гэрлийн сэтгэлийг адистид бүхий сэтгэл болгоно. Иймд Сажа ёсныхон тод-гэрлийн сэтгэлийг адистид бүхий гэж ярих үед энэ нь зам мөрийн үзлийн үүднээс байна.  

Бүтээлчийн хэв маягийг онцлох

Өөр нэг ялгаа нь хоёр төрлийн бүтээлч байхаас гарна: үе шатаар алгуур явах бүтээлчид ба нэг дор бүгд гарах бүтээлчид. Гэлүгпа нар болон Сажа нар гол төлөв үе шатаар төлөвших тэдгээр хүмүүсийн үзлийн үүднээс ярина; Гаржүд, Нингма болон Боны ёсныхон ялангуяа ханьцашгүй дээд тарнийн тайлбартаа бүх зүйл нэг дор гарах үзлийн үүднээс гол төлөв ярина. Хэдийгээр үр дүн болох тайлбарууд нь талууд тус бүр зам мөрөөр явах зөвхөн нэг хэлбэрийг үнэн гэж үзэж байгаа мэт харагдах боловч энэ нь тэд тайлбартаа ердөө аль зам мөрийг нь онцолж байгаа явдал байна. 

Ханьцашгүй дээд тарни дахь хоосон чанарын талаарх бясалгалын арга 

Өмнө дурдсанчлан, Төвөдийн бүх үзэл Мадхъямака үзлийг хамгийн гүн сургаал гэж хүлээн зөвшөөрөх боловч тэдний Энэтхэгийн Бурханы шашны гүн ухааны тогтсон тааллуудыг (үзэл) ойлгож, тайлбарлах аргууд нь бага зэрэг өөр. Ялгаа нь ханьцашгүй дээд тарни дахь Мадхъямака үзлийг ойлгож, бүтээл (дадлага) хийх аргаас хамгийн ихээр гарна. Энэ мөн маш ярвигтай, гүнзгий санаа тул энд ердөө эхний ойлголт авахыг хичээе. 

Ханьцашгүй дээд тарнийн бүтээл нь хамгийн нарийн тод-гэрийн сэтгэлээр хоосон чанарын талаарх шууд, ойлголтын (концепт) бус хүртэхүйд хүрэхэд чиглэнэ. Иймд хоёр бүрэлдэхүүн хэсэг шаардлагатай: тод-гэрлийн мэдэхүй ба хоосон чанарын талаарх зөв ойлголт. Бясалгалд алийг нь илүү онцлох вэ? “Өөрөө-хоосон” аргын хувьд бясалгалд онцлох зүйл нь хоосон чанарыг тод-гэрлийн мэдэхүйгээр хүртэх орон болгох явдал байна. Өөрөө-хоосон гэдэг нь үзэгдлүүдэд шинж чанарыг нь өгөх өөрөө орших мөн чанар огт үгүй гэсэн утгатай. Бүх үзэгдэл энэ байх боломжгүй хэлбэрээр орших нь (үгүй) хоосон. Гэлүгпа нар, ихэнх Сажа нар болон Дрикунг Гаржүд нар энэ аргыг онцолно; хэдийгээр тэдний тайлбарууд үзэгдлүүдийн оршихуйд байхгүй тэр байх боломжгүй хэлбэрүүдтэй холбоотой тайлбаруудаараа бага зэрэг ялгаатай ч. 

Хоёрдох арга нь тод-гэрлийн сэтгэл өөр дээр нь бясалгах бясалгалыг онцгойлно, энэ нь сэтгэлийн эсвэл мэдэхүйн бүх бүдүүн түвшингүүдээр хоосон. Энэ нөхцөлд тод-гэрлийн мэдэхүй нь “бусад-хоосон” гэдэг нэрийг авна; энэ нь бусад бүх бүдүүн түвшний сэтгэлүүдээр хоосон. Бусад-хоосон гэдэг нь Карма, Другпа болон Шангпа Гаржүд, Нингма ёсныхны гол, Сажа ёсныхны нэг хэсэг арга. Тус бүр нь мэдээж тайлбарлах болон бясалгах бага зэрэг өөр өөр хэлбэртэй байна. Ялгааны гол хүрээний нэг нь, Төвөдийн үзлүүд өөрөө-хоосон болон бусад-хоосон гэдгийг хэрхэн тодорхойлох явдал; тэд нэгийг нь, нөгөөг нь, эсвэл аль алиныг нь хүлээн зөвшөөрч байгаа эсэх; хоосон чанарын талаарх тод-гэрлийн мэдэхүйд хүрэхэд бясалгалд тэд юуг онцолж буй эсэх.

Өөрөө-хоосон болон бусад-хоосон гэх үзэлтэй холбоотой энэ ялгаанаас үл хамааран, бүх төвөд урсгалууд тод-гэрлийн мэдэхүйд нэвтрэх аргуудыг заана, харин цогчэн системд үүний ижил нь: ригпа, цэвэр мэдэхүй. Энд өөр нэг гол ялгаа харагдана. Цогчэн-бус Гаржүд, Сажа болон Гэлүг ёсныхон тод-гэрлийн сэтгэлд нэвтрэхийн тулд бүдүүн түвшний сэтгэлийг эсвэл мэдэхүйг үе шаттайгаар уусгахыг заана. Уусал нь нарийн энергийн-судлууд, хий, хүрд гэх зэрэгтэй ажиллах эсвэл биеийн нарийн энергийн-системийн хүрээнд мэдэхүйн илүү адистид бүхий төлөвийг аажмаар гаргах аль алинаар дагалдана. Нингма болон Боны ёсны мөн цогчэн Гаржүд дамжлагын бүтээлчид эхэлж бүдүүн түвшний мэдэхүйг үнэндээ уусгахгүйгээр тэдгээр түвшнүүд дээр суурилан ригпаг таньж тэгснээр түүнд нэвтрэхийг хичээнэ. Гэвч өмнө нь сурах явцдаа тэд энергийн-судал, хий, хүрдтэй ажиллах бүтээлийг хийсэн байх учраас тэд ригпаг эцэст нь таньж түүнд нэвтрэх үед тэдний мэдэхүйн бүдүүн түвшингүүд нь ухамсартай дараа дараагийн хүчин чармайлтуудыг гаргахгүйгээр автоматаар уусахыг туулна. 

Хоосон чанарыг үгээр илэрхийлж болох эсэх 

Ингээд өөр нэг ялгаа нь хоосон чанар нь үгээр болон ойлголтоор илэрхийлж болох эсэх эсвэл тэр нь энэ хоёроос цааш гарах эсэхтэй холбоотойгоор гарч ирнэ. Энэ асуудал нь мэдэхүйн онол дахь ялгаатай нэг ижил байна. Гэлүгпа нар үүнийг ойлголтын (концепт) бус мэдрэхүйн мэдэхүйгээр тайлбарлана, жишээ нь харах, бид зөвхөн хэлбэр, өнгө төдийгүй нэг ваар гэх мэт орныг хүртэнэ. Сажа, Гаржүд болон Нингма ёсныхон ойлголтын (концепт) бус харааны мэдэхүй нь зөвхөн хэлбэр болон өнгийг хүртэнэ гэж үзнэ. Хэлбэр болон өнгөнүүдийг тийм нэг ваар гэх орноор хүртэх нь 0.000,000,001 секундийн дараа ойлголтын (концепт) мэдэхүйгээр гарна. 

Ойлголтын (концепт) бус болон ойлголтын (концепт) мэдэхүйтэй холбоотой энэ ялгааны хувьд Гэлүгпа нар хоосон чанарыг үг болон ойлголтоор илэрхийлж болно гэж хэлнэ: хоосон чанар гэдэг нь “хоосон чанар” гэдэг үгийн илэрхийлэх зүйл байна. Сажа, Гаржүд болон Нингма ёсныхон хоосон чанар нь – өөрөө-эсвэл бусад-хоосон эсэх нь үг болон ойлголтоос давна гэж үзнэ. Тэдний байр суурь Читтаматра тогтсон тааллын (үзэл) тайлбартай нийцнэ: юмыг илэрхийлэх үг болон ойлголтууд нь зохиосон сэтгэлээр бий болгосон зүйл байна. “Ээж” гэх үгийг бодох үед үг болон ойлголт нь таны ээж үнэндээ биш байна. Үг нь таны ээжийг төлөөлүүлэхэд хэрэглэгдэх ердөө нэг тэмдэг байна. Та ээжийгээ нэг үгэнд үнэндээ тавьж болохгүй. 

Читтаматра үзлийн үг хэллэгийн хэрэглээ 

Үнэндээ, Сажа, Гаржүд болон Нингма ёсныхон Читтаматра үзлийн үгийн санг ихээр хэрэглэнэ, бүр өөрсдийн Мадхъямака үзлийн тайлбартаа, тэр дундаа ханьцашгүй дээд тарнийн нөхцөлд. Гэлүгпа нар ер нь ховор хэрэглэнэ. Гэлүг-бус ёсныхон Читтаматра үзлийн хэллэгүүдийг ханьцашгүй дээд тарнийн Мадхъямака үзлийн тайлбарууддаа хэрэглэх үедээ тэд Читтамарта үзлийн судрын нөхцөлд тэдгээрийг хэрэглэдгээс өөрөөр тодорхойлно. Жишээ нь, алаяавижнана (суурь мэдэхүй) нь судрын Читтаматра системд найман төрлийн хязгаартай мэдэхүйн нэг байх бол ханьцашгүй дээд тарнийн Мадхъямака үзлийн нөхцөлд, суурь мэдэхүй нь бүр Бурханы хутагт үргэлжлэх тод-гэрлийн сэтгэл гэдгийн ижил утгатай үг байна.

Ялгаануудыг дүгнэх дүгнэлт 

Эдгээр нь гүн ухааны болон бясалгалын гүнзгий санаануудтай холбоотой ялгааны гол хамрах хүрээний хэсэг. Бид эдгээр санаанууд руу асар ихээр нарийвчлан орж болох ч бид Төвөдийн үзэл урсгалуудын онцлогийн наяас илүү хувь нь ижил байх явдлыг орхигдуулахгүй байх нь маш чухал гэж би бодож байна. Үзэл урсгалуудын хоорондын ялгаанууд нь голлон тэд хэллэгийг хэрхэн тодорхойлж байгаагаас шалтгаална, ямар үзлийн үүднээс тэд түүнийг тайлбарлаж байна, хоосон чанарын талаарх тод-гэрийн мэдэхүйд хүрэхэд бясалгалын ямар арга хэрэглэж байна. 

Зэхэл бүтээлүүд 

Цаашлаад, уламжлал бүрд байх бүтээлчдийн хийх ерөнхий сургалт нь ижил. Зарим бүтээлүүдийн хэв маяг нь бага зэрэг өөр байна. Жишээ нь, ихэнх Гаржүд, Нингма болон Сажа ёсныхон тарнийн бүтээлд зориулан сургалтын эхний нэг том үйл явдал болгон, бие даасан нэг даяанаар зэхэл бүтээлүүдийг (нэг зуун мянган мөргөл гэх мэт) бүрэн хийнэ. Гэлүгпа нар ихэвчлэн өөрсдийн суурь сургалтаа дуусгасны дараа, өөрийн хуваарийн аль нэг хэсэгт тааруулан тэднийг оруулна. Гэвч, бүх уламжлалуудын бүтээлчид гурван жилийн даяаны өмнө тэдгээр зэхэл бүтээлүүдийг давтан хийнэ. 

Гурван жилийн даяан 

Гурван жилийн даяанд, Гаржүд, Нингма болон Сажа ёсныхон ерөнхийдөө хэд хэдэн судрын бясалгалын бүтээлд суралцан, дараа нь өөрийн уламжлалын гол Бурханы суурь зан үйлийн бүтээлд суралцана, ингэхдээ бүтээл тус бүрд дараалсан хэд хэдэн сарыг зарцуулна. Тэд мөн ёслолын хөгжмийн зэмсгүүдийг тоглож, мөн балин хийхэд суралцана. Гэлүгпа нар зэхэл бүтээлүүдийг хийх үедээ тус суурь бясалгал болон зан үйлд суралцахыг өөрийн хуваарьт нэг бүтээлийг нэг дор хийх байдлаар оруулна. Гэлүг ёсны гурван жилийн даяан нь зөвхөн нэг Бурханы дүрийн бүтээл дээр эрчимтэй төвлөрнө. Гэлүг-бус ёсныхон нэг тарнийн бүтээлийн даяанд гурав эсвэл түүнээс олон жилийг зарцуулах ба ингэхдээ түүнд гурван жилийнхээ хоёрдох эсвэл гуравдах жилийг зарцуулна, эхний жилийг бус.                 

Ямар ч Бурханы зан үйлийн сүм хийдэд хийх бүтээлийг хийх нь хэд хэдэн тарнийг хэдэн зуун мянган удаа давтан унших нэлээд хэдэн сарын нэг даяан хийхийг шаардана. Өөрт авшиг хүртээх үйлийг энэ бүтээлийг гүйцэд хийгээгүй тохиолдолд хийж болохгүй. Гэлүгпа нар энэ шаардлагыг нэлээд хэдэн сарын даяанаар дангаар нь хангадаг бол Гэлүг-бус ёсныхон үүнийг гурван жилийн даяаны хэсэг болгон хийнэ, бүх уламжлалын ихэнх хуврагууд ийм даяануудыг хийнэ. Гэвч уламжлал тус бүрийн гүнзгий түвшний бүтээлчид зөвхөн нэг Бурханы дүр дээр төвлөрөх гурван жилийн эрчимтэй даяаныг дангаар нь хийнэ. 

Дүгнэлт 

Төвөдийн таван уламжлал болох Бурханы шашин болон Боны ёстой холбоотойгоор уламжлалаар хуваагдахгүй байх үзлийг хадгалах нь маш чухал. Дээрхийн гэгээн Далай ламын үргэлж онцлон тэмдэглэдэгчлэн эдгээр өөр өөр уламжлалууд нь нэг ижил туйлын зорилготой: тэд бүгд бусдад хамгийн ихээр тус болох үүднээс гэгээрэлд хүрэх аргуудыг заана. Уламжлал тус бүр өөрийн бүтээлчдэд энэ зорилгод хүрэхэд туслахын хувьд адилхан хүчин төгөлдөр, иймд нэг энгийн хэв маягаар биш ч, хоорондоо харилцан уялдаатай. Эдгээр таван уламжлалын талаарх бүр удиртгал болох харьцуулсан судлалыг хийх үед бид өөрийн уламжлалын онцлог байх хүчтэй санаануудыг үнэлж, уламжлал тус бүр өөрийн гэсэн онцгой шинж чанартай гэдгийг харахад суралцана. Хэрэв бид Бурхан болж, бүгдэд туслахыг хүсэж байвал бид Бурханы шашны уламжлалын бүх хамрах хүрээг алгуур судалж, тэдгээр нь хэрхэн хоорондоо зохицдогийг мэдэх хэрэгтэй болно, ингэснээр бид өөр өөр дур сонирхолтой, өөр өөр чадамжтай хүмүүст зааж чадна. Үгүй бол “Номыг орхих” аюулд орох буюу энэ нь Бурхан багшийн жинхэнэ сургаалыг үл хүндэтгэснээр Бурхан багшийн тус сургаал тохирно гэж үзсэн тэдгээр хүмүүст тусалж чадахгүй болно гэсэн утгатай. 

Яваандаа өөрийн хувийн бүтээлд зөвхөн нэг дамжлагыг дагах нь чухал. Хэн ч нэг барилгын дээр таван өөр шатаар зэрэг гарч чадахгүй. Гэвч хэрэв бидний чадвар боломж олгож байвал таван уламжлалд суралцах нь тус бүрийн хүчтэй санаануудыг ойлгоход бидэнд тусална. Энэ нь эргээд бидний уламжлал харьцангуй бага үнэлэлт хүлээн авч байгаа тохиолдолд тэдгээр хүчтэй санаануудыг тодорхой болгоход тусалж болно. Энэ бол Дээрхийн гэгээн Далай лам болон бүх багш нарын үргэлж онцлон тэмдэглэдэг зүйл. 

Бидний хийж байгаа аливаа зүйлд – энэ нь Номын эсвэл материаллаг хүрээний аль нь ч байсан – түүнд нэг зүйлийг хийх магадгүй арав, хорь эсвэл гучин өөр арга байна гэдгийг ойлгох нь мөн маш чухал. Энэ нь бидний ямар нэг зүйлийг хийх тэр аргад хүлэгдэх байдлаас зайлсхийхэд тусална. Бид “Энэ үүнийг хийх миний зөв арга учраас энэ үүнийг хийх зөв арга байна” гэж баригдахгүйгээр гол мөн чанарыг нь илүү тодорхой харж чадна. 

Асуулт, хариулт 

Та аль уламжлалыг дагадаг вэ? 

Дээрхийн гэгээн Далай лам болон түүний багш нарын нэг Сэркон Ринбүүчи нар миний Номын гол багш нар бөгөөд тэд үргэлж тэдний жишээг дагахыг зөвлөдөг ба энэ нь гол анхаарлаа Гэлүгийн ёс дээр хадгалан, Төвөдийн бүх уламжлалыг чадах чинээгээрээ судалж, бүтээх явдал. Би энэ зөвлөгөөг өөрийн хамгийн сайнаар дагахыг хичээсээр ирсэн. 

Олон өөр уламжлалын бясалгал бүтээлүүдийг хийх үед будилах явдал гарахгүй гэж үү? Бүр нэг уламжлал дахь олон өөр Бурхадын дүрүүдийн бүтээл хийх үед будилах явдал гарахгүй гэж үү? 

Бурханы шашны бүтээл хийх өөр өөр аргууд байна, ялангуяа тарнийн сургаалд. Нэг төвөд үг бий, “Энэтхэгчүүд нэг Бурханы дүрийг бүтээн нэг зуун эрдэм төрүүлсэн; харин төвөдүүд нэг зуун дүр бүтээн нэг ч эрдэм төрүүлж чаддаггүй!” Энэ үгийн утга нь хэрэв бид олон зүйлээр ямар нэг газар хүрэх гэж байгаа бол нэг бүтээлд гүнзгий орох нь чухал гэсэн үг. Бидний бүтээлийг цар хүрээ хувь хүний чадамжаас шалтгаална. Өөрийн чадамжийг үнэлэхэд бид өөрийг үнэнчээр харж, мөн багшийн зөвлөгөөг анхаарч үзэхийн аль аль нь хэрэгтэй.    

Хэрэв бид Төвөдийн хэд хэдэн дамжлагын тарнийн бүтээлүүд хийх чадамжтай бол Дээрхийн гэгээний сануулдагчлан тэдгээрийг жигнэсэн мах, ногоотой хоол болгохгүй байх нь чухал. Бид бүтээл тус бүрийг тусад, түүний уламжлалын дагуу, түүний аргаар хийх хэрэгтэй. Хэрэв бид олон бүтээл хийх үед будилах явдал гарна гэж бодож байвал тэд бүгдийг тэгш онцлохгүй байх нь хамгийн сайн гэж Дээрхийн гэгээн зөвлөдөг. Хэрэв бид олон дамжлагаас эсвэл бүр нэг дамжлага доторх олон Бурханы дүрүүдийн эрх, бүтээл авсан бөгөөд тэдгээрийг төөрөгдөл бий болгох хэцүү гэж бодож байгаа бол бид тэдгээрийн тарнийг өдөрт гурван удаа унших байдлаар тэдний заримтай ердөө үйлийн үрийн холбоо хадгалж болно. Ингээд бид хамгийн сайн ойлгох, хамгийн хүчтэй холбоо мэдэрч байгаа бүтээлүүдэд зөвхөн гүнзгий орж болно. 

Олон бүтээл үйлдэх чадвар нь бид тарнийн ерөнхий онолыг хэр сайн ойлгохоос шалтгаална гэж би боддог. Хэрэв бид онолыг зөв ойлгож байвал бид тодорхой бүтээл тус бүр бусад бүтээлүүдтэйгээ хэрхэн зохицохыг харж чадна. Үгүй бол бидний тарнийн бүтээл зөрчилтэй болох эрсдэлтэй. 

Дээрхийн гэгээн Далай ламын бүтээлүүдийг холихгүй байх тухай зөвлөгөөг та тодруулж өгөхгүй юу? 

Бүтээлүүдийг холихгүй байх нэг шалтгаан нь дамжлага болон уламжлалыг хүндэтгэх явдал. Холих нь Католик сүм очин бусад хүмүүс сөхрөн сууж, шүтээндээ загалмайлан мөргөж байхад бид гурван удаа сунаж мөргөхтэй адил болно. V Далай лам хэд хэдэн уламжлалд гаргуун суралцсан боловч хэзээ ч тэднийг хольж байгаагүй бүтээлчдийн нэг сайн жишээ. Тэрээр Гэлүгийн ёсны бүтээл туурвих үедээ түүнийг цэвэр Гэлүг хэв маягаар бичнэ; Сажа ёсны бүтээл туурвихдаа эхнээс нь дуустал Сажа ёсны хэв маягаар бичнэ; Нингма ёсны бүтээл туурвих үед хэв маяг нь бүрэн Нингма ёсных байна. Нингма ёсны эх зохиолуудад, эхэнд Бадамжунай бурханыг магтана, Богд Зонховыг бус. 

Бүтээл тус бүрийг дангаар нь хадгалах өөр нэг шалтгаан нь нэг уламжлалын садхана буюу дүрслэх уншлагын бүтээлийн хүрээнд түүний бүрэлдэхүүн хэсгүүд, үг хэллэг, илэрхийлэх арга нь бүгд уялдаатай байдаг явдал. Тэдгээр нь тодорхой төхөөрөмж, өөрөө хөдлөгч хэрэгслийн загварын эд ангиудтай адил хоорондоо харилцан зохицно. Хэважра бурханы бүтээлийн Сажа ёсны уламжлалын хүрээнд долоон гишүүнт соёрхол залбиралд Бурхадад соёрхол тавих хэсэг нь байхгүй байна. Үүний учир нь Сажа ёсны ламдрэ (мөр ба мөрийн үр) сургаал нь жанц халснаар мөнх бусыг заах Нирманакаяаг (Хувилгааны лагшинг) бус Бурхадын Самбхогакаяаг (Төгс жаргалангийн лагшин) онцлох ба энэ нь хамаг амьтныг зовлонгоос гэтлэх хүртэл оршдог явдал байна. Самбхогакаяаг онцлох нь мөн өөрийг Бурханы нэг дүрээр дүрслэх дүрслэлийг тогтоож, эрх авах арга дээр гарна. Сажа ёсны ламдрэ бүтээлийг Бурхадад соёрхол тавих хэсэгтэй Гэлүг ёсны долоон гишүүнт залбиралтай холих нь Волксвагены эд ангийг Фордын хөдөлгүүрт суурилуулахыг хичээхтэй адил болно. Энэ ердөө ажиллахгүй. 

Өөр өөр дамжлагуудын бүтээлүүдийг нэгтгэсэн жишээ байдаггүй юу? 

Зарим тохиолдолд өөр нэг дамжлагаас нэг дамжлагад бүтээлүүдийг авах үед тэдгээрийг эх хэлбэрээр нь цэвэр хадгална. Жишээ нь, V Далай ламын олсон булшлагдсан бүтээл болох Хаяагрива Янгсангийн Гэлүг бүтээл нь Нингма ёсны ямар ч уншлагын бүтээлтэй ив ижил байна. 

Зарим тохиолдолд тухайн нэг бүтээлийн хэсэг авсан дамжлагадаа орж өөрчлөгдсөн байна. Жишээ нь, Сажа ёсноос Гэлүгийн ёсонд орж ирсэн Важрайогини бурханы бүтээлийн ихэнх талууд нь Гэлүгийн ёсны ердийн уншлагуудтай нийтлэг. Үүнд ердөө хоосон чанарын талаарх Гэлүг хэв маягийн бясалгалын оронд Сажа ёсны хэв маягийн бясалгал байна.  

Гэвч зарим тохиолдолд бид холимог хэлбэрийг олж харна. Бадамжунай бурханы Карма Гаржүд ёсны бүтээл, жишээ нь, Нингма ёсны уншлагын бүрэлдэхүүний ихэнхийг багтаах боловч хоосон чанарын бясалгалын талаарх үг хэллэг, арга нь ердийн Карма Гаржүд ёсных байна. Карма Пакшигийн (II Кармапа) уншлага бүтээлд Карма Пакшигийн зүрхэнд Бадамжунай бурханыг залах ба тахилуудын нэг нь Нингма ёсыг санагдуулна, ингээд бүтээлийн үлдсэн хэсгийн ихэнх нь ердийн Карма Гаржүд ёсных байна. Гол холимог хэлбэр бол өөрийг дамжлагын нэг их мэргэний хэлбэрээр дүрслэх явдал. Гэвч ямар нэг холимог бүтээл үйлдэхэд тухайн бүтээлч нь билгүүний чанадад хүрсэн их бүтээлч байх ёстой. Энэ цээртэй зүйл бус, харин үүнд нэлээд анхаарал шаардагдана. Бидний адил эгэл хүмүүсийн хувьд шинээр холимог бүтээл үйлдэх нь ердөө будилах явдалд хүргэх байх.                                  

Хэрэв бидний гол бүтээл Гэлүг байгаад бид цогчэн бүтээлийг мөн хийхээр бол үүнийг хийх хамгийн сайн арга юу байх бол? 

Цогчэн бүтээлийг хийх хамгийн сайн арга нь түүнийг нэг тусдаа бүтээлээр хийх явдал. Энэ сургуультай адил: бид математикт суралцахдаа математикт суралцана, найруулга зүйд суралцахдаа найруулга зүйд л суралцана. Эцэст нь бидний сурсан бүх зүйл бидний хөгжлийг харилцан хангана. 

Зарим хүмүүсийн хувьд олон өөр аргуудыг дадлага болгох нь хэтэрхий их байна, иймд тэдгээрийг хийх шаардлагагүй. Нэг төрийн бүтээлийг барин Бурханы шашны олон ялгаатай аргуудын хүчин төгөлдөр байдлыг хүлээн зөвшөөрч хүндэтгэх нь сайн. Үгүй бол бид өөр Номын төвд очин, бусад бүтээлчидтэй уулзан, тэд бидний хийдэг зүйлийг бага зэрэг өөрөөр хийж байгааг харж болно. Төвөдийн Бурханы шашны уламжлалыг дагагч болохын хувьд бид жишээ нь Зэн төвд очиж гишүүдийнх нь мөргөл хийхийг харж болно. Бидний нүд орой дээрээ гарах мэт болж бид “Тэр чинь буруу! Тэд алгаа газарт өөд нь харуулж тавьж байна, доош харуулах бус; тэд тамд төрнө” хэмээн дуу алдана. Бидний гайхширал, айдас Бурханы шашны хангалттай өргөн боловсрол олоогүйгээс шалтгаалсан. Хятадын Бурханы шашинтнууд бүгд тэр байдлаар мөргөнө. Хэдийгээр зарим төвөд мэргэд өөрсдийн уламжлалын хувьд фундаменталист байр суурь хадгалж болох ч тэдний жишээг дагах шаардлагагүй байж болно. 

Аль уламжлал бидэнд хамгийн сайн тохирохыг хэрхэн мэдэх вэ? 

Энэ тийм хялбар биш. Төвөдөд хүмүүс өөрийн хөндий дэх аливаа таарсан хийд болон багш нар дээр очдог байсан. Түүнийг хангалттай биш гэж санах тэдгээр хүмүүс, цааш суралцахыг хүссэн хүмүүс Бурханы шашны суурь боловсролынхоо дараа өөр ямар нэг газар руу явна. Миний багш нарын нэг Гэвш Нгаван Даргей, жишээ нь, бага хүүхэд байхдаа орон нутагтаа байх нэг Сажа ёсны хийдэд сууж байгаад том болж ирэх үедээ Гэлүгийн ёсны хийдүүдэд өөрийн гол Номоо үзсэн, эхэлж өөрийн дүүрэгтээ, дараа нь бүр хол, Лхаст. 

Баруунд энд, нөхцөл байдал одоо маш өөр. Олон хотод олон өөр сонголтууд боломжтой байгаа, тэгэхээр өөр өөр Номын төвүүдээр орж үзэх боломжтой. Гэвч яваандаа бид суралцах, дадлага болгох үйл ажиллагаагаа төвлөрүүлэх нэг дамжлагыг сонгох хэрэгтэй. Ямар ч зүйл худалдаж авахгүй бүх цагаа дэлгүүр орсоор өнгөрөөвөл харамсалтай болно. Хэрэв тодорхой нэг дамжлага эсвэл багш зөнгөөрөө танил, аятай санагдаж байвал энэ нь бидэнд үйлийн үрийн холбоо байгаагийн нэг сайн шинж. Энэ нь “зөв мэт санагдана.”

Нэг дамжлага эсвэл багш сонгоход нээлттэй сэтгэлтэй байж, “Би зөвхөн өөрийн Номын төвд явна. Өөр ямар нэг төвд хөл тавьж эсвэл өөр ямар нэг багшийн айлдвар сонсохгүй” гэх хандлагагүй байх нь чухал. Энэ нь илүү их зүйл сурах олон сайн боломжуудыг биднээс холдуулна гэж би боддог. Гэвч нөгөө талаар бүх юманд очих шаардлагагүй. Ялгах ухаанд суралцаж, “төв мөр”-ийг дагах нь сайн.

Хэрэв бид Ном үзэх маш цөөн сонголттой алслагдмал газар амьдардаг бол бид уламжлалт төвөд жишээг дагах хэрэгтэй болох болов уу. Бид өөрт хамгийн ойр, нөхцөл байдалд тохирох аливаа нэг төв, багш нар дээр очихоор эхэлж болно. Хэрэв тэдгээр нь бидэнд тохирч байвал, энэ гайхалтай. Хэрэв сэтгэлд хүрэхгүй байвал бид хүндэтгэлтэйгээр өөрийн чадах хэрээр их зүйл тэднээс суралцан хэрэв боломж гарч ирвэл бид цаашдынхаа сургалт, дадлагыг өөр газар үргэлжлүүлж болох юм.  

Хэрэв энэ бидний дагах хэв маяг бол бидний дараагийн очих багш нар, төв, эсвэл бүр дамжлага нь өөрийн нутгийн төв эсвэл багш нарт үнэнч хэвээр үл байх, тэрслэх сэтгэл төрүүлэх үйл болж болох ямар нэг сэтгэлийг арилгах нь чухал. Ахлах сургуулиас коллежид дэвшин суралцах нь ахлах сургаал эсвэл тэдний багш нартай холбоотой зарчмаасаа ухарна гэсэн үг биш. Хэрэв бидний эхлэн орсон их сургууль бидний хүссэн түвшний сургалт эсвэл хөтөлбөрөөр оюутан бэлтгэдэггүй тохиолдолд өөр их сургуульд шилжин орох нь мөн ижил. Хэрэв бид өмнөх багш нар болон тэдний айлдварыг хүндэтгэн, тэдэнд талархаж байх юм бол шилжин явахад гэм эсвэл түүнийг буруутгах зүйл байхгүй. 

Төвөдийн үзэл урсгал тус бүрийн эх зохиолуудад байх бусад уламжлалуудынхаа гүн ухааны байр суурийг няцаах явдлыг авч үзэх хамгийн сайн арга юу вэ?    

Дээрхийн гэгээн Далай лам болон өнгөрсөн цаг үеийн хамгийн агуу мэргэдийн зарим нь хэдийгээр Төвөдийн үзэл урсгалууд – бүр нэг үзэл урсгал доторх олон янзын сүм хийдэд үзэх эх зохиолууд нь энгийн санаанууд дээр үзэл бодлын ялгаатай байх боловч хамгийн чухал асуудлуудын хувьд тэдний байр суурь харшилдаггүй гэж онцлон тэмдэглэсээр ирсэн. Цаашлаад Дээрхийн гэгээний мөн тэмдэглэдэгчлэн өнгөрсөн цаг үеийн хэд хэдэн их мэргэд өөрийн бясалгалын туршлагыг логиктой эсвэл уялдаатай байдлаар тайлбарлахдаа онцгойлон гарамгай биш байсан. Гэвч бид тэдний бүтээл болон хүрсэн эрдмүүдийг нэг талыг барихгүйгээр шалгаж үзэх үед бид тэд жинхэнэ үр дүнд хүрсэн байна гэж дүгнэдэг. 

Олон эх зохиолууд олон өөр эрдэмтдийн хоорондох хүчтэй мэтгэлцээнийг агуулна, зөвхөн хоёр өөр үзэл урсгалын хооронд бус бүр нэг үзэл урсгалын хооронд байна. Заримдаа, эх зохиолуудад эелдэг бус, өдөөн хатгасан үг хэллэгүүд үе үе гарна. Бид эдгээр мэтгэлцээнүүдийг дайсагнагч талуудын тэмцэл адил үзэж болно, гэвч ийм хандлага нь мэтгэлцээний агуулгаас бидний авах ач тусыг хязгаарлана. Хэрэв бид илүү сэтгэл хөдлөл багатай өнцгөөс харах юм бол бид тэдний ярьж байгаа зүйл, жишээ нь, “Хэрэв та сэтгэл мөнх гэж хэлэхдээ мөнх гэдгээр та юуг илэрхийлж байгаагаа тодорхой тодорхойлохгүй бол зарим хүмүүс тэр үгийг миний тодорхойлолтоор ойлгоно. Тэр үед тэд маш их будилна, учир нь та миний тодорхойлдгоор мөнх гэдгийг тодорхойлж түүгээр сэтгэлийг тодорхойлох юм бол ийм, тийм зөрчилдсөн дүгнэлт болон уялдаагүй зүйл гарна” гэж ярьж байгааг сонсоно. Энэ бол эдгээр хүчтэй үг хэллэгтэй мэтгэлцээнийг дүгнэж болох алагчлалгүй дүгнэлтийн нэг хэлбэр гэж би бодож байна.    

Төвөдийн Бурханы шашны олон лам нар Боны ёсны талаар маш сөргөөр ярьж эсвэл бичсэн байдаг. Энэ тал дээр та саналаа хэлэхгүй юу? 

Боны ёсныхныг гадуурхах явдал Боны ёсны эх нутаг Баруун Төвөдийн Жанг-жунгийг эзэлж Төвөдийн төв нутаг дахь анхны Төвөдийн хаант улстай нэгтгэсэн үеэс эхтэй. Угтаа “Бонпо” гэдэг үг нь Жанг-жунгаас ирсэн сайд нар болон бусад албаны хүмүүсийг илэрхийлж байсан, хааны ордонд жанг-жунг зан үйлийг үйлдэж байсан тэдгээр хүмүүсийг бус. Боны ёсныхныг гадуурхах үзэгдэл угтаа улс төрчдөөс эхтэй, шашны итгэл үнэмшил эсвэл бүтээлээс бус. Дээрхийн гэгээн энэ гадуурхах явдал нь хагарал үүсгэх, сөрөг зүйл болохыг онцлон тэмдэглэдэг. Төвөдийн Бурханы шашинтнууд үүнийг сэтгэлгээнээсээ авч хаяхыг хичээх нь хамгийн сайн байх болов уу. 

Хэрэв бид Юнгийн сэтгэл судлалын үүднээс харах юм бол бид Боны ёсны эсрэг гадуурхлын түүхэн төлөвшлийг ойлгож болно гэж би боддог. Цаг хугацааны явцад, Номын багшийг Бурхан гэж харах бүтээлийг алгуур онцлох болсон. “Багшийг шүтэх” гэх санааны хүч нэмэгдэх хэрээр сэтгэл зүйн тэнцвэрийн тогтсон түвшинд хараахан хүрээгүй тэдгээр олон бүтээлчид тус бүтээлийг эрүүл хэв маягаар ойлгож чадахгүй байсан. Хэдий тэд өөрийн багшийн сайн талыг онцлон тусгах хэрээр тэд түүний далд сөрөг талыг хүчтэй болгож байсан – үүнийг Юнг “сүүдэр” гэдэг. Тэд үүнийг “Номын дайснууд” гэх зүйлээр тусган харж байсан. Тийнхүү тусган харах явдал нь Боны ёсны тэргүүн нар дээр бууж байв. 

Миний сайн найз, Төвөдийн Бурханы шашны багш, Юнг сэтгэл судлаач, Доктор Мартин Калффын тэмдэглэсэнчлэн Шакяамүни Бурхан багшийг бодь модны дор бясалгаж байхад Шулмууд, саад болон сөрөг зүйлийн төлөөлөл, дайрсан тухай түүх нь энэ сэтгэл зүйн зарчмыг илэрхийлдэг. Эерэг талууд дээр ухамсартай төвлөрөх нь тэнцвэржүүлэх байдал болгон сөрөг талууд дээр ухамсаргүй төвлөрөх явдлыг гаргана. Шакяамүни Шулам түүнд нөлөөлж чадахгүй гэдгийг харуулах тэр л үед тэрээр гэгээрэлд хүрсэн.    

Хамгийн их багшийг шүтэх үзэлтэй Бурханы шашны дамжлагууд нь хамгийн догшин, хүчтэй сахиусны бүтээлүүдтэй уламжлалууд байдаг нь илэрхий байдаг. Багшийг хэдий их шүтэх хэрээр тэд Номын дайсныг дарах явдал дээр илүү их тогтоно. Ингэж хоёр хэсэгт хуваах нь маш эрүүл бус хандлага. Барууны бүтээлчид бидний хувьд бид өөрийн уламжлалын багшийг тэнгэр болгож бусад уламжлалын багш нар, шашныг буг чөтгөр болгох энэ хандлагын урхинд орохгүй байхад анхаарах нь маш чухал. 

Төвөдийн аль дамжлага хамгийн том дамжлага вэ? 

Гэлүгийн ёс Төвөд, Монголд хамгийн их дагагчидтай. Дүрвэсэн төвөдүүдийн дунд Гэлүгийн ёс мөн хамгийн олон тооны дагагчидтай. Барууныхан болон уламжлалынхаа хувьд Төвөдийн Бурханы шашинтан бус тэдгээр зүүн азиудын дунд Карма Гаржүд ёс хамгийн том бүлэг мэт санагддаг. Гэвч Төвөдийн Дүрвэгсдийн засгийн газрын хувьд Төвөдийн уламжлал тус үр тэгш төлөөлөлтэй. 

Дээрхийн гэгээн Төвөдийн таван уламжлалыг хадгалах эсвэл тэднийг нэг уламжлал болгон нэгтгэхийн тусын талаар ямар нэг бодол санаа илэрхийлж байсан уу? 

Далай ламд эсвэл Төвөдийн аль нэг шашны тэргүүний аль алинд ийм өөрчлөлтийг хийх эрх мэдэл байдаггүй. Дээрхийн гэгээн хүмүүсийн олон янзын мэдрэмжид тохирох шашны уламжлалуудын ялгаатай байдлыг үргэлж таатай хүлээн авдаг. Гэвч миний өмнө дурдсан сургаалаар үл хуваагдах тухай бага хурлын үеэр Дээрхийн гэгээн Энэтхэгийн Бурханы шашны ерөөлүүдийн төвөд орчуулгаас нийтлэг ерөөлүүдийг сонгох хороо байгуулахыг санал болгож байсан – жишээ нь, Шантидэва гэгээний ерөөл – ингэснээр бүх төвөд уламжлалууд нэг дор цуглах үедээ нийтлэг ёслолын ерөөл болгон уншихаар хүлээн зөвшөөрч болохоор. Хамт ерөөл хурах чадвар уламжлалуудыг бүдгэрүүлэх бус харин тэднийг ойртуулна. Дээрхийн гэгээний зөвлөгөө мөн Баруун дахь Бурханы шашны төвүүдэд эргэлзээгүй тустай байх болов уу.

Top